images

Америкийн коллежуудын лигт тоглох Монголын анхны эмэгтэй тамирчин Н.Нандинхүсэл боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-07-02


   3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медалийн эзэн Н.Нандинхүсэл АНУ-ын Флоридагийн технологийн их сургуулийн “Florida Tech Panthers” багт тоглох гэрээ байгууллаа. “Florida Tech Panthers” нь АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн хоёрдугаар хэсэгт тоглодог бүсийн аварга болсон туршлагатай баг юм. Харин Н.Нандинхүсэл 2006 онд төрсөн, 177 см өндөр, АНУ-ын “Spire” академид суралцсан, “Улаанбаатар Амазонс” багт тоглон хоёр удаа улсын лигийн аварга болсон тамирчин билээ. Мөн Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Н.Нандинхүсэл багийнхныхаа хамтаар өнөөдөр МУГТ цол хүртэв. 18 настай тэрбээр ийнхүү уг цолыг авсан Монголын хамгийн залуу тамирчин болж байна. Түүнчлэн ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн манай багт өнөөдөр Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгийн мөнгөн шагнал болон Засгийн газрын мөнгөн шагналын батламжийг гардуулна. Засгийн газраас 2018 онд баталсан "Олон Улсын Олимпын Хорооны ивээл доор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам"-ын дагуу багийн спортоор ДАШТ-ээс мөнгөн медаль авсан тамирчид сар бүр нэг сая төгрөгийн урамшуулал авахаас гадна багийн тоглолтод үзүүлсэн оролцооныхоо хувиас хамааран нэг удаа мөнгөн шагнал авах эрхтэй.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.