images

Архангай: Зургаан сар бүтээсэн Богд Зонховын 16 метр өндөр зээгт наамал хөргийг залав

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2025-06-27


   Богд Зонховын 16 метр өндөр, 12 метр өргөн зээгт наамал хөрөг болон Халхын Зая гэгээний анхдугаар болон дөрөвдүгээр дүрүүдийн гүдэн буюу алтадсан шүтээнийг энэ мягмар гарагт Цэцэрлэг хотын төв Г.Дэмид жанжны талбайд залж аравнайлжээ. Улмаар Булган уулын энгэрт орших Галданзуу хийдэд байршуулсан байна. Ингэснээр нутгийн болон холоос зорьж ирэх сүсэгтэн олон хэдийд ч мөргөл үйлдэх боломжтой болжээ. Богд Зонховын зээгт наамлын хамгийн дээд хэсэгт гурван цагийн бурхан буюу өнгөрсөн цагийн Одсүрэн бурхан, одоо цагийн Бурхан багш, ирээдүй цагийн Майдар бурхныг залжээ. Гол хэсэгт Богд Зонховаг арслан ширээн дээр нар, саран дэвсгэр дээр завилан оршиж байгаагаар зурж, доод хэсэгт түүний шавь нар болох Чалцанжав, Хайдавжав хоёрын гар дээр Богд ламын айлдсан "Бодь мөрийн зэрэг", "Тарнийн мөрийн зэрэг" судрыг барьсан байгаагаар дүрсэлжээ. Энэ бүтээлийг “Гурван шүтээн” урлангийн үндсэн урлаачдаас гадна 30-аад хүн нийлж, зургаан сарын хугацаанд хийсэн байна. Зээгт наамалд 300 м/кв торго, 800 метр зээг, 192 метр брезэнт, 250 метр олс, 192 метр даавуу орсныг МОНЦАМЭ агентлагт мэдээлжээ. Зая гэгээн нь XVII-XVIII зууны үеийн Монголын төр, шашны зүтгэлтэн, гүн ухаантан, соён гэгээрүүлэгч бөгөөд I, IV дүрүүдийнх нь гүдэнг бурханч лам Г.Пүрэвбат алтдан Архангай аймгийн Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдэд байрлуулсан байжээ. 

Гэрэл зургийг Архангай аймгийн ЗДТГ-ын  Фэйсбүүк хуудаснаас.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.