Даншиг наадамд Өмнөд Солонгосын гурван бөх барилдана
Чихэнд чимэгтэй
2025-06-26
Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болох "Хүрээ цам-Даншиг 2025" наадамд Өмнөд Солонгос болон ОХУ-ын Тува улсын бөхчүүд барилдахаар болсныг Монголын Үндэсний бөхийн холбоо зарлалаа. Тус холбооны мэдээлснээр, солонгос үндэсний ширым бөхийн Өмнөд Солонгосын аварга Чой Жун Ман болон Ким Мин Жэ, Ча Мин Сү нарын гурван бөх уг наадамд барилдахаар бүртгүүлжээ. Мөн ОХУ-ын Тува улсын арслан Куулар Мөнгө-Эрдэнэ, улсын заан Монгуш Айдын, улсын заан Түлүш Сайнбилэг нарын 12 бөх энэ наадамд зодоглохоор болжээ. Өмнөд Солонгосын бөхчүүд өнгөрөгч 9-ний өдөр манай улсад ирсэн бөгөөд "Хилчин" спорт хороонд бэлтгэл хийгээд буцсан юм. Эдгээрээс Чой Жун Ман нь Өмнөд Солонгосын ширым бөхийн улсын чанартай томоохон тэмцээнүүдэд 22 удаа түрүүлэн улсынхаа дээд амжилтыг эзэмшиж байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын Шинэ жилийн бөхийн барилдаанд тав түрүүлснээс хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сарын 27-нд болсон барилдаанд аваргалжээ. Тэрбээр 1990 онд төрсөн, 181 см өндөр аж. Харин Ча Мин Сү нь өнгөрөгч тавдугаар сарын 28-нд Сөүлд болсон "Халла" тэмцээнд түрүүлсэн байна. Тэгвэл ширым барилдааны томоохон тэмцээний нэг "Пэгдү" тэмцээний аварга бөх Ким Мин Жэ нь "Мангас” хочтой, өдгөө 23 настай, 190 см өндөр, сүүлийн үед ихээхэн нэрд гарч яваа тамирчин гэнэ. Тэрбээр 2024 оны ширым бөхийн зургаан гол тэмцээнд түрүүлжээ. Эдгээр гурван бөх дасгалжуулагчийн хамтаар өнөө оройн нислэгээр манай улсад ирнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.