Төрийн банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт зохион байгуулав
Чихэнд чимэгтэй
2025-06-23
Төрийн банкны Бизнес инкубатор төв МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парктай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг энэ сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэх, технологи, инновац шингэсэн шинэ санаа, бизнесийг хөгжүүлэх, туршлага хуваалцах зорилготой энэ уулзалтад нийслэл, орон нутгийн 100 гаруй бизнес эрхлэгч оролцсон байна. Чуулга уулзалтын эхэнд “Ember cyber service“ компанийн ерөнхий захирал Б.Жавзандорж “Бизнесийн орчин дахь хиймэл оюун ухааны зохистой хэрэглээ, кибер аюулгүй байдал” сэдвээр илтгэл тавьж, хиймэл оюуныг ажил, бизнестээ ашиглах боломжийн талаар танилцуулж, “Юргана индастри“ компанийн гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам “Urgana” брэндийнхээ түүхэн замнал, брэнд бүтээсэн туршлагаас хуваалцжээ. Арга хэмжээний төгсгөлд “Science cafe” хэмээх нэрээр олонд танигдсан “Сапиожен” компанийн гүйцэтгэх захирал Э.Анар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй сорилт, түүнийг шийдвэрлэх арга зам, шинэ санааг хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлэх арга туршлагын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн Төрийн банкнаас санаачлан хэрэгжүүлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Тогтвортой өсөлт 2025” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй таван хөтөлбөрийн гурав дахь болох “Манлайлалд суурилсан бизнесийн стратеги ба өсөлт” бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан бойжуулах хөтөлбөрт хамрагдсан 30 гаруй бизнес эрхлэгч чуулга уулзалтын үеэр сертификатаа гардаж авчээ. Төрийн банкны Бизнес инкубатор төв нь тогтвортой, ногоон ирээдүйг цогцлоох зорилтын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл шийдлүүдийг хэрэгжүүлэн ажилласаар байна. Өнгөрсөн онд гэхэд, тус төвийн сургалтад 32500 гаруй бизнес эрхлэгч хамрагдсанаас 30 орчим хувь нь бойжуулах хөтөлбөрт хамрагджээ. Мөн СЭЗИС-тай хамтран жижиг дунд бизнес эрхлэгч, тусгай хэрэгцээт иргэдийн санхүүгийн мэдлэг боловсролд зориулж 10 цахим хичээл бэлтгэн, банкны веб сайтад байршуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.