Аннэ Франкийн гэр музей АНУ-д анх удаа үзэсгэлэн гаргав
Анд нөхдийн мэдээ
2025-06-12
Нидерландын Амстердам хотод байрлах Аннэ Франкийн гэр музей АНУ-ын Нью-Йорк дахь Еврейн түүхийн судалгааны төвд үзэсгэлэн гаргаж байна. Аннэ Франк бол 1929 онд Германы Франкфурт хотод төрсөн, еврей гаралтай герман охин юм. Тэрбээр гэр бүлийнхээ хамт нацистуудаас нуугдан Амстердам хотод сууж байгаад 1945 онд баривчлагдаж, хорих лагерьт нас барсан билээ. А.Франк 1942-1944 оны хооронд Амстердамд нуугдан амьдарч байх үеийнхээ өдөр тутмын амьдрал, гэр бүл, харилцаа холбоо, өсвөр насныхаа тухай өдрийн тэмдэглэлдээ нэг бүрчлэн бичиж үлдээсэн юм. Өдрийн тэмдэглэл нь дайны дараа "Аннэ Франкын өдрийн тэмдэглэл" нэрээр ном болон гарч дэлхийн 70 гаруй хэлээр орчуулагдан 30 сая гаруй хувь борлогдсон байна. Тэрбээр өдрийн тэмдэглэлдээ "Найз нөхөд, ах дүүс, танил дотно хүмүүс минь бүгд тэр аймшигт газар луу одсон. Орой бүр зэвхий саарал өнгийн цэргийн машинууд холхилдож, еврейчүүдийг ангуучилна. Өнөөдөр 1942 оны 11 дүгээр сарын 19” гэх зэргээр тухайн үед болж байсан бүхнийг элдэв чимэг хачиргүйгээр өгүүлсэн байдаг. Холокостыг дурсах олон улсын өдрийг тохиолдуулан тус музейг Америкт анх удаа үзэсгэлэн болгон гаргажээ. Нью-Йорк хот нь Израилийн дараа орох хамгийн олон еврей хүн амтай хот юм. Үзэсгэлэнд 1952 онд АНУ-д анх хэвлэгдсэн “Аннэ Франкийн өдрийн тэмдэглэл” номын анхны хэвлэл тавигдсан бөгөөд уг номд АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельтийн гэргий, хүний эрхийн төлөө тэмцэгч Элеонор Рузвельт өмнөх үг бичсэн юм. Улмаар Аннэгийн эцэг эх, удам угсаа, Франкфурт хотод өнгөрсөн бага насных нь тухай, нацист дэглэм хүчирхэгжсэн үе, Нидерланд руу нүүж ирсэн, 1944 онд баривчлагдсан хүртэлх бүх амьдралыг нь дэлгэрэнгүй өгүүлжээ. Үзэсгэлэнг зохион байгуулагчид Нидерландад очих боломжгүй хүмүүст зориулж энэ үзэсгэлэнг гаргаж буйгаа тайлбарлаж байна. Музейн захирал Рональд Леопольд "Түүх бол бидний хамгийн том багш. Нью-Йоркийн иргэд үзэсгэлэнг маш их сонирхож байгаа нь Аннэгийн дуу хоолой үеийн үед цуурайтсаар байгаагийн нотолгоо юм" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.